НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1 Энэхүү даатгалын гэрээгээр (цаашид “Гэрээ” гэх) нэг талаас даатгуулагч нь
мэргэжлийн үйл ажиллагааны явцад болгоомжгүйгээр алдаа гаргасны улмаас
үйлчлүүлэгчдэд учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэг, хариуцлага
хүлээх явдлаас даатгуулж, даатгалын хураамж төлөх, нөгөө талаас даатгагч
нь даатгалын тохиолдол үүссэн үед гарсан хохирлыг Гэрээнд заасан
нөхцөлийн дагуу нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулна.
1.2 Даатгагч, Даатгуулагч нар (цаашид хамтад нь “Талууд” гэх) Гэрээг
хэрэгжүүлэхдээ Монгол улсын үндсэн хууль, Иргэний хууль, Даатгалын тухай
хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
ХОЁР. НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР
2.1 Талууд гэрээнд заасан нэр томьёог дараах утгаар ойлгоно. Үүнд:
2.1.1 “Даатгагч” - Даатгалын тухай хуулийн дагуу даатгалын үйл ажиллагаа
эрхлэх тусгай зөвшөөрөл авсан “МИГ даатгал” ХХК-ийг;
2.1.2 “Даатгуулагч” - өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ
даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан өмгөөлөгчийн мэргэжлийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэнийг;
2.1.3 “Өмгөөлөгч” - Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон
шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан этгээд, ял шийтгэлгүй,
тогтоосон журмын дагуу мэргэшлийн шалгаруулалтад орж,
өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан иргэнийг;
2.1.4 “Мэргэжлийн үйл ажиллагаа” - даатгуулагчийн, тусгай мэргэжил, арга
зүй, туршлага, дадлага шаардсан, эрх бүхий байгууллагаас олгосон
тусгай зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэж буй даатгалын гэрээнд
заасан үйл ажиллагааг;
2.1.5 “Даатгалын зүйл” - Даатгуулагчийн мэргэжлийн үйл ажиллагааны
улмаас үүссэнхуулийн хариуцлага;
2.1.6 “Даатгалын эрсдэл” - даатгалын зүйлд хохирол учруулж болох
гэрээнд заасан нөхцөлийг;
2.1.7 “Даатгалын тохиолдол” - даатгалын эрсдэлийн улмаас даатгалын
зүйлд хохирол учрах, тохиролцсон болзол бүрдэхийг;
2.1.8 “Хамрагдахгүй нөхцөл” - Даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр
олгохгүй нөхцөлүүдийг;
2.1.9 “Даатгалын хураамж” - Даатгуулагч даатгалын зүйлээ даатгуулсны
төлөө Даатгагчид төлөх төлбөрийг;
2.1.10 “Нөхөн төлбөр” - даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгуулагчид
олгох мөнгөн хөрөнгийг;
2.1.11 “Даатгалын үнэлгээ” - даатгалын зүйлийн талууд харилцан
тохиролцож тогтоосон мөнгөн илэрхийллийн хэмжээг;
2.1.12 “Өөрийн хүлээх хариуцлага” - гэрээний дагуу даатгалын тохиолдол
үүссэн нөхцөлд даатгалын зүйлд учирсан хохирлоос даатгуулагчийн
хариуцах хэсгийг;
2.1.13 “Үйлчлүүлэгч” - даатгалын гэрээнд оролцоогүй боловч гэрээний дагуу
даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд эрх ашиг нь хөндөгдөж
болзошгүй этгээд буюу даатгуулагчийн үйлчлүүлэгчийг;
2.1.14 “Хүндэтгэн үзэх шалтгаан” - давагдашгүй хүчин зүйлс, хүнд нөхцөл
байдал зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамааран гэрээний эрх,
үүргийг хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг;
2.1.15 “Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардал” - даатгалын
тохиолдлын улмаас учирсан хохирлыг төлүүлэх нэхэмжлэлийн дагуу
үүссэн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан, шүүхээр нөхөн
төлүүлэхээр тогтоосон зардлыг;
2.1.16 “Эрх бүхий байгууллага” - даатгалын зүйлд хохирол учирсан нөхцөлд
хуулийн дагуу тухайн тохиолдлыг шалгах, шийдвэрлэх байгууллага,
алба тушаалтныг;
ГУРАВ. ДААТГАЛЫН ЗҮЙЛ
3.1 Даатгалын зүйл нь даатгуулагч мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэх явцдаа
мэргэжлийн үйл ажиллагааны улмаас үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, амь нас,
эрүүл мэндэд хохирол учруулсан тохиолдолд хуулийн дагуу хүлээх
хариуцлага байна.
ДӨРӨВ. ДААТГАЛЫН ЭРСДЭЛ
4.1 Даатгуулагчийн ажил мэргэжлийн алдаа, мэргэжлийн ур чадвар дутагдсанаас
болон санамсар болгоомжгүйн улмаас өмгөөллийн үйл ажиллагаанд алдаа
гаргах.
4.2 Даатгуулагч үйлчлүүлэгчийнхээ гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын
дагуу хангаж ажиллаагүйгээс учирсан хохирол, зардал.
4.3 Даатгуулагч үйлчлүүлэгчдээ эрх зүйн буруу зөвлөгөө өгснөөс үүдэн гарсан
хохирол, зардал.
ТАВ. ДААТГАЛЫН ҮНЭЛГЭЭ, ДААТГАЛЫН ХУРААМЖ
5.1 Даатгалын үнэлгээг талууд харилцан тохиролцож даатгалын мэдээлэл хэсэгт
тусгав.
5.2 Даатгалын хураамжийн дүнг даатгалын үнэлгээнээс хамаарч бодон
даатгалын мэдээлэл хэсэгт тусгав.
5.3 Даатгалын нөхөн төлбөр олгосон хэмжээгээр даатгалын зүйлийн үнэлгээ
буурах бөгөөд даатгуулагч зохих хураамжийг нөхөн төлснөөр даатгалын
үнэлгээг сэргээж болно.
ЗУРГАА. ДААТГАЛЫН ГЭРЭЭНИЙ ХУГАЦАА
6.1 Даатгалын хүчинтэй хугацаа нь даатгалын мэдээлэл хэсэгт заасан даатгалын
эхлэх болон дуусах огноогоор тодорхойлогдоно.
6.2 Талуудын эрх бүхий этгээд гарын үсэг зурж, даатгалын хураамж төлөгдсөн
тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ.
6.3 Гэрээ нь дараах тохиолдолд дуусгавар болно. Үүнд:
6.3.1 Гэрээгээр тогтоосон хугацаа дуусгавар болсон;
6.3.2 Талуудын аль нэг нь дампуурсан, татан буугдсан;
6.3.3 Шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон;
6.3.4 Гэрээнд заасан хугацаанаас өмнө гэрээг дуусгавар болгохоор талууд
тохиролцсон;
6.3.5 Даатгагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.
6.3.6 Талуудын аль нэг нь гэрээг цуцлах тухай санаачилга гаргаж болох
бөгөөд нөгөө талдаа мэдэгдсэнээс хойш 1 сарын дотор гэрээг цуцална.
6.4 Талууд даатгалын гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд гэрээний
үлдсэн хугацаанд ногдох хураамжаас тухайн даатгалтай холбогдон үйл
ажиллагааны зардлыг хасаж, үлдэх хэсгийг даатгуулагчид эргүүлэн олгоно.
Нөхөн төлбөр авсан болон 9 сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд
буцаалт хийхгүй.
ДОЛОО. ДААТГАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
7.1 Даатгалын тохиолдол бий болсон үед нөхөн төлбөрийг хууль болон гэрээгээр
тохиролцсон хугацаа, хэмжээнд олгох үүрэгтэй.
7.2 Даатгалын тохиолдлын газар дээр очиж даатгалын гэрээнд заасан эрсдэл
үүссэн эсэхийг баталгаажуулах, зөвлөгөө өгөх үүрэгтэй.
7.3 Даатгуулагч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд
гэрээг цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
7.4 Даатгуулагчийн гаргаж өгсөн мэдээ, материалын үнэн, зөв эсэхийг шалгах,
шаардлагатай бол мэдээллийн талаар эрх бүхий байгууллага, хуулийн
этгээдээс тодруулга авах эрхтэй.
7.5 Даатгуулагч худал хуурмаг мэдүүлэг өгсөн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн
бол Даатгагч гэрээг цуцлахыг шаардах эрхтэй.
7.6 Даатгуулагч тогтоосон хугацааны дотор нөхөн төлбөрийн материалыг
бүрдүүлж өгөөгүй тохиолдолд нөхөнтөлбөр олгохоос татгалзах эрхтэй.
7.7 Даатгалын тохиолдлоор олгосон нөхөн төлбөр, түүнтэй холбогдох зардлын
хэмжээгээр буруутай этгээдээс нэхэмжлэн авах эрхтэй.
НАЙМ. ДААТГУУЛАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
8.1 Даатгалын тохиолдол үүссэн үед гэрээний нөхцөлийн дагуу даатгагчаас
нөхөн төлбөр нэхэмжлэх эрхтэй.
8.2 Даатгалын хураамжийг энэхүү гэрээнд заасан хэмжээгээр Даатгагчид төлөх
үүрэгтэй.
8.3 Даатгалтай холбоотой мэдээлэл, материалыг даатгагчид үнэн зөв, бүрэн
гаргаж өгөх үүрэгтэй.
8.4 Даатгагч хууль болон гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг
цуцлах, эсвэл түүнд өөрчлөлт оруулахыг шаардах эрхтэй.
8.5 Даатгалын тохиолдол үүссэн тухай даатгагчид 7575-6000 утас, claim@mig.mn
и-мейл хаяг, албан бичгээр зэрэг боломжит арга хэрэгслээрээ нэн даруй
мэдэгдэх үүрэгтэй.
8.6 Даатгагчийг даатгалын тохиолдлын шалтгааныг тогтоолгоход оролцуулах,
даатгагч оролцох боломжгүй нөхцөлд түүний өгсөн заавар зөвлөмжийн дагуу
бүхий л арга хэмжээг авах, хууль болон бусад мэргэжлийн байгууллагаар акт
тогтоолгох үүрэгтэй.
8.7 Хохирлыг нөхөн төлсний дараа буруутай этгээдээс хохирлыг нэхэмжлэн авах
эрхээ Даатгагчид шилжүүлэх ба Даатгагч буруутай этгээдэд нэхэмжлэл
гаргах үйл ажиллагаанд бүхий л талын туслалцаа үзүүлж хамтран ажиллах
үүрэгтэй.
8.8 Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж болон өмгөөлөгч,
хуульчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахих;
8.9 Үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны ашиг сонирхлыг хуульд үл харшлах бүх арга,
хэрэгслийг ашиглан тууштай бүрэн хамгаалах.
8.10 Даатгуулагч нэг ашиг сонирхлыг хэд хэдэн даатгагчид нэгэн зэрэг
даатгуулсан бол энэ тухай даатгагч бүрт нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
ЕС. НӨХӨН ТӨЛБӨР
9.1 Даатгалын гэрээний хугацаанд олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь
даатгалын үнэлгээнээс хэтрэхгүй байна.
9.2 Даатгагч нөхөн төлбөр олгохдоо дараах баримтуудыг үндэслэнэ. Үүнд:
9.2.1 Даатгуулагчийн нөхөн төлбөр олгохыг хүссэн хүсэлт;
9.2.2 Даатгалын гэрээ;
9.2.3 Даатгалын тохиолдол бий болсныг нотлох баримтууд
9.2.4 Даатгалын тохиолдол бий болсон, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосон
шүүхийн шийдвэр;
9.2.5 Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарсан зардлын баримт;
Шаардлагатай тохиолдолд:
9.2.6 Мэргэжлийн ёс зүйн хариуцлагын хорооны тодорхойлолт буюу дүгнэлт
9.2.7 Бусад баримт бичиг
9.3 Даатгалын тохиолдол үүссэн өдрөөс хойш хуанлийн 45 хоногийн дотор дээрх
баримт, материалыг хүлээн авна.
9.4 Хэрвээ шүүхийн үйл явц 45 хоногт эцэслэгдэж амжаагүй бол шүүхийн
шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан материалыг даатгагчид
хүлээлгэн өгнө.
9.5 Даатгагч материалыг бүрэн хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн
дотор нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.
9.6 Даатгагч нөхөн төлбөртэй холбоотой нэмэлт бичиг баримт, тодруулга
шаардлагатай тохиолдолд 9.5-р заалтын хугацааг сунгаж болно.
9.7 Шүүхээр шийдвэрлүүлэхтэй холбогдон гарах зардлын дээд хэмжээ нь
даатгалын тохиолдол бүрт гэрээнд заасан нэг удаагийн хариуцлагын
хязгаарын 10 хувь хүртэл байна.
9.8 Даатгалын тохиолдол бүрт даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага 10 хувь
байна.
9.9 Хэд хэдэн үйлчлүүлэгчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь энэ гэрээнд
заасан хэмжээнээс хэтэрсэн бол үйлчлүүлэгч тус бүрт олгох нөхөн төлбөрийг
хувь тэнцүүлэн олгоно.
9.10 Даатгагч нь Монгол улсын шүүхийн шийдвэр, хохирлын хэмжээг тогтоосон
эрх бүхий комиссын акт зэргийг үндэслэн нөхөн төлбөр олгоно. Шүүхийн
шийдвэр нь эцсийн шийдвэр байх ба хэрэв даатгуулагч дараагийн шатны
шүүхэд давж заалдах бол тухайн шатны шүүхийн шийдвэр гартал нөхөн
төлбөрийг олгохгүй.
9.11 Хэрэв даатгалын тохиолдлоор үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндээрээ
хохирсон мөн эд хөрөнгөнд нь хохирол учирсан нь нэг удаагийн тохиолдлын
хязгаараас хэтэрч байвал бусдын амь нас, эрүүл мэндэд нь учирсан
хохиролд үнэлгээний 60 хувь, үлдсэн 40 хувь нь эд хөрөнгийн хохиролд
ногдоно.
9.12 Даатгагч нь хуульд заасны дагуу задруулахыг хориглосон хувь хүний болон
байгууллагын нууц, өмгөөллийн үйл ажиллагааны нууцад хамаарах
мэдээллийг шаардахгүй.
9.13 Даатгалын нөхөн төлбөр олгохдоо даатгуулагчийн өөрийн хүлээх
хариуцлагын хэмжээгээр даатгалын даатгалын нөхөн төлбөрөөс хасаж
тооцож олгоно.
9.14 Энэхүү гэрээний 9.3, 9.4-д заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр
хожимдуулсан тохиолдолд даатгуулагч нөхөн төлбөр нэхэмжлэх эрхээ алдах
бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотолсноор хугацааг
сэргээнэ.
9.15 Даатгуулагч нь даатгалын зүйлийг хэд хэдэн компанид зэрэг даатгуулсан
болон энэхүү даатгалын гэрээгээр олгогдох нөхөн төлбөр нь өөр даатгалын
гэрээгээр мөн нөхөн төлөгдөхөөр байвал Даатгагч нь учирсан хохирлыг бүрэн
хэмжээгээр хариуцахгүй бөгөөд бусад даатгалын компанитай тохиролцож
хохирлын хэмжээнээс ихгүй байхаар тооцож нөхөн төлбөрийг олгоно.
АРАВ. ХАМРАГДАХГҮЙ НӨХЦӨЛҮҮД
10.1 Даатгагч Монгол Улсын Даатгалын тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан
үндэслэл үүссэн болон энэхүү даатгалын онцлогоос хамаарч дараах
тохиолдлуудад аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй бөгөөд нөхөн төлбөр
төлөхөөс татгалзана.
10.1.1 Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын
тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
10.1.2 Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн,
хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
10.1.3 Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн;
10.1.4 Даатгалын гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан
хохирол;
10.1.5 Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл;
10.2 Даатгуулагчийн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас учирсан
хохирол.
10.3 Даатгуулагч нь эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас учирсан хохирол.
10.4 Өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрх нь түдгэлзсэн, хязгаарлагдсан,
хүчингүй болсон үедээ өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд үүсэх
хохирол.
10.5 Даатгалын тохиолдол мөн эсэх нь нотлогдоогүй буюу нотлогдох боломжгүй
болсон.
10.6 Хууль зөрчсөн үйл ажиллагаанаас үүдсэн хохирол түүний үр дагавар.
10.7 Даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг
гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн бол.
10.8 Даатгуулагчийн төлбөр, санхүүгийн чадваргүй байдлаас учирсан хохирол.
10.9 Даатгуулагчийн өмчлөл болон итгэмжлэлд байгаа эд хөрөнгөнд учирсан
хохирол.
10.10Үйлчлүүлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, сэтгэл санаа,
байгаль орчинд учирсан хохирол.
10.11Дараах төрлийн бараа, бүтээгдэхүүний хэрэглээ, үйлдвэрлэл, ашиглалттай
холбогдон гарсан хохирол; Асбест, бүх төрлийн зэвсэг, сум, салют, тэсрэх,
дэлбэрэх бодис, газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатахуун түгээх станц,
агаарын хөлөг, усан онгоц, нисэх онгоц, хөргөлтийн тээврийн хэрэгсэл.
10.12Энэхүү гэрээгээр ямар ч шалтгаанаар үүссэн цахим өгөгдлийн хохирол,
гэмтэл, сүйрэл, арчигдах, гацалт болон өөрчлөлт болон шалтгаан нөхцөл
эсвэл давхцал, үр дагавар зэрэг шалтгаанаас хамаарахгүй дээрхээс үүдэлтэй
ямар ч төрлийн, ашиглах боломжгүй болох, ажиллагаа муудах, зардал,
төлбөр зэргийг даатгаагүй болно.
10.13Дайн, үймээн самуун, Ажил хаялт, террорист болон улс төрийн шинж
чанартай үйл ажиллагаа, гэмт халдлага, нийгмийн эмх замбараагүй байдал,
бослого, төрийн захиргааны байгууллагын акт шийдвэр зэргийн улмаас
үүссэн нөхцөл байдал, улс төрийн тэмцэлд оролцсоноос үүссэн хохирол.
10.14Байлдааны зэвсэг хэрэглэх, цөмийн дэлбэрэлт, цацраг идэвхт бодис буюу
туяаны нөлөө, цөмийн хаягдал, цөмийн зэвсгийн материал, цөмийн
шатахуунаас гарах радио идэвхт бохирдол юм уу үүнээс үүсэх ионжсон
цацраг түүний үр дагавар.
10.15Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна явуулсан үйл ажиллагаанаас учирсан
хохирол.
АРВАН НЭГ. БУСАД
11.1 Талууд гэрээний хугацаанд ажил үүргийн шаардлагаар олж мэдсэн,
эзэмшиж, ашиглаж байсан баримт бичиг, мэдээ материал болон талуудын
бизнесийн ашиг сонирхолд шууд болон шууд бус хамааралтай компанийн
болоод харилцагчийн үйл ажиллагаатай холбоотой бүх төрлийн
мэдээлэл, даатгалын хэмжээ, төлбөр, тооцоо, бусад үзүүлэлтүүд,
байгууллага, хувь хүний нууц, ноу-хау зэргийг хуульд зааснаас бусад
тохиолдолд задруулахгүйгээр хугацаагүй чанд хадгална.
11.2 Даатгуулагч нь даатгалын нөхөн төлбөр авах зорилгоор нотлох баримтыг
хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн бол даатгагчаас гэрээг цуцалж, хариуцлага
хүлээлгэхээр баримтыг хуулийн байгууллагад шилжүүлнэ.
11.3 Даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн хүлээн авсан болохоо
даатгуулагчид мэдэгдэж хариу өгснөөс хойш гэрээний хугацаанд нөхөн
төлбөр олгоогүй тохиолдолд иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу
хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож
олгоно.
11.4 Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Монгол улсын хууль тогтоомжид
заагдсан эрхийг эдэлж, үүрэг хүлээнэ. Энэхүү гэрээг Монгол хэлээр хууль
зүйн хувьд адил хүчинтэй 2 эх хувь үйлдэж талууд нэг нэг хувийг хадгалав.
11.5 Энэхүү гэрээ түүний гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар талуудын хооронд
маргаантай асуудал үүсвэл, юуны өмнө эв зүйгээр шийдвэрлэхийг эрмэлзэнэ.
Хэрэв ийнхүү шийдвэрлэж чадахгүйд хүрвэл талууд Санхүүгийн Зохицуулах
Хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг
шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор
шүүхэд давж заалдаж болно.
11.6 Талууд гэрээтэй бүрэн танилцсан бөгөөд гэрээний заалтуудыг ойлгож
зөвшөөрсөн болно. Даатгуулагч энэ гэрээгээр олгогдох нөхөн төлбөрийг
хууран мэхлэх замаар авах гэж оролдсон нь илэрвэл гэрээ цуцлагдаж, нөхөн
төлбөр авах боломж бүрэн алдагдах ба даатгалын хураамж буцааж
олгогдохгүй болно.