ДААТГАЛЫН ТУХАЙ

Даатгалын үүсэл хөгжил

Даатгал нь орчин үеийн ойлголт юм. Олон зуун жилийн турш оршиж ирсэн. Даатгалын нэг хэлбэр нь манай эриний өмнөх 1750 онд байсан баталгаа бий. Эртний Грек мөн Ромд хувь хүмүүс буяны нийгэмлэг эсвэл клуб байгуулж тэдгээрээс оршуулгын зардлыг төлдөгш байжээ. Хойд Италид 12-р зууны сүүлчээр даатгал бий болсон байна. Италийн худалдаачид худалдаа арилжаагаар дамжуулан даатгалын тухай ойлголтыг 13,14-р зууны үед Англид авчирчээ. Үүнээс үндэслэн анхны амьдралын даатгал, даатгалын хэлбэрүүд үүссэн гэж үздэг. Хэдэн зууны өмнө амьдралын даатгал үүссэн гэж үздэг бол галын даатгал 17-р зуунд үүссэн гэж үздэг. 1666 онд гарсан Лондонгийн их түймэр галын даатгалын цаашдын хөгжилд их хувь нэмэр оруулсан. Тэр үед хотын ихэнх хэсэг шатсан бөгөөд Пуддинг Лане дахь талхны мухлагаас гал эхэлж гаржээ. 1861 онд Түүлэй гудамжинд гарсан гал нь тэр үеийн нийгэм эдийн засгийн амьдралд оролцогчдод том сургамж болсон. Энэ үед эрсдэлийн удирдлагын эхлэл тавигдаж даатгагдах эрсдэлийг тодорхойлох, эрдсдэлийг шийдэх салбар хөгжих шаардлагатайг харуулсан. Үүний дараа галын бус аюулууд буюу бидний өнөөгийн мэдэх тусгай аюул ослын талаар яригдах болжээ. 1887 онд анхны галын даатгалын баталгаа хулгайн эрсдэлийг оруулаад хэд хэдэн эрсдэлийг даатгажээ. 1889 онд Худалдааны Осол Баталгааны даатгалын компани анхны хулгайн эрсдэлийг даатгажээ. 18-р зууны үйлдвэрлэлийн хувьсгал олон аюулыг дагуулсан. Ихэнх ослууд хүнд үйлдвэрүүд, шинэ технологиуд, машин механизмуудтай холбоотой байв. Хүүхдийн хөдөлмөр, дэлбэрэлт, ажлын урт хугацаа, аюулгүй ажиллагааны журам зэрэг нь аюулыг улам ихэсгэж байв. Дээрх аюулууд нь эцэстээ хувийн гэнэтийн ослын даатгал, инженерийн даатгал, үнэлгээний үйлчилгээ, 1882 оны халаагуурын дэлбэрэлтийн хууль зэргийн үндэс болсон. Хууль журмууд ажил олгогчийн хариуцлагын даатгал, ажиллагчдын амьдралын даатгалыг олонход хүртээлтэй, хямдхан болоход чиглэгдэж байв. Олон нийтийн хариуцлагын даатгал яг хэзээ үүссэн талаар хэлэхэд боломжгүй байна. Цаг хугацаа өнгөрөхийн хирээр, технологид гарсан өөрчлөлтийн ачаар тээврийн хэрэгслийн даатгал үүссэн. Энэ нь сүйх тэрэгний нээлтээс үүсэн бөгөөд 1930 оны Замын хөдөлгөөний хууль гарахад хүргэсэн. Энэ хууль өнөөг хүртэл үйлчилж байгаа бөгөөд, тээврийн хэрэгслийн даатгалыг хянахад тодорхой үүрэг гүйцэтгэж байна. Агаарын хөлгийн даатгал Британийн Агаарын даатгалын групп 1923 онд хийж эхэлсэн нь дэлхийн 1-р дайны үед агаарын хөлгийн өсөлттэй холбоотой. Эрсдэл өргөсөж хөгжихийн хирээр давхар даатгалын хэрэгцээ үүссэн. Эрсдэл том бөгөөд нийлмэл болох нь тархаах шаардлагыг бий болгож давхар даатгалын зах зээл үүсэхэд нөлөөлж байна. Манай улсын хувьд “Улсын аюулаас хамгаалах газар”-ыг1934 онд ЗСБНХУ-ын улсын даатгал (Госстрах)-ын газартай хамтран байгуулсан. 1990 онд Монгол Даатгал компани арилжааны даатгал эрхлэх болсноор монголд хувийн хэвшил бүхий даатгалын зах зээл, даатгалын компаниуд үүсэх эхлэл болсон билээ.

Даатгалын үндсэн ойлголт

    Хэсэг бүлэг хүмүүсийн эрсдэлээ бууруулахаар бий болгосон санг даатгал /insurance, assurance, страхование/ гэж нэрлэх болсон байна. Хохирлоос үүдэх санхүүгийн эрсдэл нь тухайн хувь хүнээр дамжин бусад хэсэгт шилждэг. Тиймээс заримдаа даатгалыг эрсдэлийг дамжуулах систем гэж нэрлэдэг. /risk transfer system/. Гэхдээ даатгагдаж болох эрсдэл нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:
  1. Эрсдэл нь нь гэнэтийн буюу санамсаргүй байх /fortuitous/
  2. Цэвэр эрсдэл байх /pure risk/
  3. Эрсдэлийн үр дагавар, хохирол нь мөнгөөр илэрхийлэгдэхүйц байх /financial measurement/
  4. Тухайлсан эрсдэл байх /particular risk/
    Даатгалын санг дараах сонгодог 6 зарчим дээр суурилж байгуулдаг:
  1. Даатгагдах ашиг сонирхлын зарчим /insurable interest/. Даатгуулагч нь хууль ёсны өөрийн ашиг сонирхолоо даатгуулна.
  2. Туйлын илэн далангүй байх зарчим /utmost good faith/. Даатгуулагч нь өөрийн мэдэж буй бүх мэдээллийг даатгагчид мэдэгдэх ёстой.
  3. Шууд шалтгааны зарчим /proximate cause/. Зөвхөн даатгалын гэрээнд тусгагдсан эрсдэлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлнө.
  4. Нөхөн төлбөрийн зарчим /indemnity/. Гэрээний эрсдэлийн улмаас учирсан зөвхөн бодит хохирлыг төлнө. Даатгуулагч нь даатгалын гэрээнээс ашиг хайх ёсгүй.
  5. Хохирлыг нэхэмжлэх /subrogation/. Хэрэв эрсдэлийг үүсгэж, хохирол гаргасан буруутай этгээдээс даатгагч хохирлыг нэхэмжлэнэ. Даатгуулагч нь даатгагч болон буруутай этгээдийн аль нэгээр нь хохирлоо барагдуулна.
  6. Хохирлыг нөхөхөд оролцох /contribution/. Хэрэв даатгуулагч ашиг сонирхолоо нэгэн зэрэг хэд хэдэн даатгагчид даатгасан бол даатгагчид хохирлыг хувааж төлнө.
Даатгалын санг бий болгох, удирдах, зохион байгуулах үйл ажиллагааг даатгалын компани хариуцан ажилладаг. Даатгалын компанид өөрийн ашиг сонирхлоо даатгуулж буй гишүүдийг даатгуулагчид гэх бөгөөд ашиг сонирхолоо даатгуулсны төлөө төлж буй төлбөрийг хураамж /premium/ гэж нэрлэдэг. Хураамж нь тухайн даатгуулагчийг эрсдэлд орсон үед хохирлыг нөхөх, даатгалын санг зохион байгуулах зардал, даатгалын компанийн ашгийг багтаасан төлбөр байна. Даатгалын компанийн зүгээс даатгуулагчдаа даатгасныг баталгаажуулан өгч буй баримт бичгийг даатгалын баталгаа /policy/ гэдэг бөгөөд үүнд нэр томъёо, даатгалын зүйл, эрсдэл, хоёр талын эрх үүрэг, нөхөн төлбөр олгох нөхцөл, үл олгох нөхцөл, гэрээ цуцлах үндэслэл зэргийг багтаасан байдаг. Даатгалын нөхөн төлбөрөөр гэрээнд заасан эрсдэлийн улмаас учирсан бодит хохирлыг төлдөг бөгөөд даатгуулагч нь даатгалын гэрээнээс ашиг олох боломжгүй байдаг.

Нэр томъёоны тайлбар

  • “Даатгагч” гэж Даатгалын тухай Монгол Улсын хуулийн дагуу даатгалын vйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан МИГ даатгал компанийг;
  • “Даатгуулагч” гэж өөрийн ашиг сонирхлын төлөө даатгалын зүйлээ даатгуулж, даатгагчтай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээдийг;
  • “Даатгалын үнэлгээ” гэж даатгалын зүйлийн даатгалд хамрагдсан мөнгөн илэрхийллийн хэмжээ;
  • “Даатгалын баталгаа” гэж даатгалын зүйл, үнэлгээ, хураамж, хугацааг тусгасан даатгалын гэрээ хийсэн тухайг нотолж даатгуулагчид олгосон баримт бичгийг;
  • "Даатгалын эрсдэл" гэж даатгалын зүйлд хохирол учруулж болох Гэрээнд заасан орчин, нөхцөлийг;
  • “Даатгалын тохиолдол” гэж даатгалын зvйлд даатгалын эрсдлийн улмаас учирсан хохирол, тохиролцсон болзол бvрдэхийг;
  • “Даатгалын хураамж” гэж даатгуулагч даатгалын зvйлээ даатгуулсны төлөө даатгагчид төлөх төлбөрийг;
  • “Даатгалын нөхөн төлбөр” гэж даатгалын тохиолдол vvссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид гэрээний дагуу олгох мөнгөн хөрөнгийг;
  • “Өөрийн хүлээх хариуцлага” гэж даатгалын тохиолдлоос үүссэн хохиролд даатгагчийн олгох нөхөн төлбөрөөс хасагдах хэмжээ буюу даатгуулагчийн хариуцах мөнгөн төлбөрийн хэмжээг;
  • “Хүндэтгэх шалтгаан” гэдэгт байгалийн гамшигт нэрвэгдсэн, хорио цээр тогтоосон бүсэд тусгаарлагдсан, хүндээр өвдөж гэмтсэн, бусдад яаралтай тусламж үзүүлсэн, хөдөө хээр газар даатгалын тохиолдол болсон гэх мэтийг тус тус ойлгоно.
  • “Зах зээлийн үнэ” гэж тухайн хөрөнгийг даатгах үед түүнтэй адил хөрөнгө зах зээл дээр борлуулагдаж буй үнэ.