© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
© 2025. МИГ даатгал ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
ХАМГААЛЪЯ
8 сарын өмнө
1 мин уншина

Та бүхэндээ Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний дэгдэлт гарч, цаашид хамрах хүрээ нь тэлж болзошгүй нөхөл байдал үүсч байгаатай холбогдуулан ард иргэдийн зайлшгүй мэдэж байх анхан шатны ойлголтыг хүргэх зорилгоор доорх товч мэдээллийг хүргэж байна.
Тарваган тахал
Яагаад тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэн бүр мэдэх шаардлагатай вэ?
1. Тарваган тахал өвчний халдвар авсан хүний бүх эрхтэн систем маш богино хугацаанд гэмтэн хүндэрч цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол үхлээр төгсөх эрсдэлтэй байдаг.
2. Тарваган тахал өвчин нь хүн төрөлхтний түүхэнд хэмжээлшгүй их гамшиг учруулсан ба зөвхөн Хар үхэл (1331-1353) гэж нэрлэгдсэн тарваган тахал өвчний хоёр дахь цар тахлын үед дэлхий даяар 75-200 сая хүн нас барсан байдаг.
3. Тарваган тахал өвчний үүсгэгчийг Биотерроризм, биологийн дайнд ашиглах боломж асар өндөр бөгөөд шинжээчид “Цөмийн дайнаас илүү бодитой аюул” гэж дүгнэж байгаа нь богино хугацаанд олон улс орныг хамран, олон сая хүний амь насанд хүрэх аюултай гэдгийг илтгэж байгаа юм. Ийм ч учраас ДЭМБ-аас энэ өвчнийг Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулах өвчний тоонд оруулсан билээ.
4. Монгол улсын хувьд 17 аймаг, 137 сумын нутаг дэвсгэр буюу нийт Монгол улсын нутаг дэвсгэрийн 28.3 хувьд нь тарваган тахал өвчний байгалийн голомт оршин байдаг.
Тарваган тахал өвчний тухай иргэн бүр мэдэх ёстой анхан шатны мэдлэг.
Нууц үе
Халдвар авснаас хойш өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэлх үеийг нууц үе гэнэ.
Бүүргэнд хазуулсан, халдвартай эд зүйлс, амьтантай харьцан өвчний халдвар авснаас хойш 3-6 хоногийн дараа өвчний эхний шинж тэмдэг гарна. Агаар дуслын замаар буюу амьсгалын эрхтнээр халдвар авч уушгины хэлбэрээр өвчилбөл хэдэн цагаас 1-2 хоног байна. Вакцин хийлгэсэн өвчтөнүүдэд энэ хугацаа 12 хоног хүртэл үргэлжилдэг.
Анхны шинж тэмдэг
Тарваган тахал нь ихэвчлэн дунд болон хүнд хэлбэрээр илэрдэг. Өвчин нь цочмог, гэнэт эхэлдэг. Өвчилсөн үед илрэх үндсэн шинж тэмдгүүд:
• Гэнэт өндөр халуурах;
• Чичрэх, жихүүдэс хүрэх;
• Хордлогын шинж илрэх;
• Бие сулрах, булчин, үе мөчөөр шархирч өвдөх;
• Толгой хүчтэй өвдөх;
• Түгшүүр нэмэгдэх, ухаан самуурах, дэмийрэх;
• Хөдөлгөөн нэмэгдэх (утгагүй, эмх замбараагүй хөдөлгөөн хийх);
• Ам хуурайших, цангах;
• Дотор муухайрах, бөөлжих (цустай);
• Хэлэн дээр зузаан шохой шиг цагаан өнгөр тогтох;
• Хэвлийгээр өвдөх, цустай суулгах;
• Айсан, цочсон, зовлон зүдүүртэй төрх бүхий царайтай болох, (тахлын царай гэдэг) нүүр хавагнах;
Халдвар дамжих зам:
Тарваган тахлын халдварыг эрүүл хүмүүс доорх хэлбэр, замаар авдаг.
Шууд хавьтлын зам:
Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх явцад арьсаа зүсэх, гэмтээх болон өвчтөнийг асрах, сувилах, халдвартай эд зүйлстэй хамгаалах өмсгөлгүй харьцсанаас халдвар авч болно.
Дам халдварын зам:
Мэрэгч амьтдын бүүрэгт хазуулах тохиолдолд халдвар авч болно.
Агаар дуслын зам:
Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс хүнд амьсгалын замаар халдвар авна.
Хоол хүнсний зам:
Тарваган тахлаар өвчилсөн тарваганы түүхий эд болон дутуу боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг хоол хүнсэндээ хэрэглэх явцад халдвар авч болно.
Эдгээр халдвар дамжих замын аль нэгээр нь эсвэл олон замаар эрүүл хүн халдвар авах бөгөөд аль замаар авснаас хамааран өвчний илрэл буюу эмнэл зүй өөр өөр байдаг.
Арьсны тахал
Арьсны хэлбэр харьцангуй ховор тохиолддог, нийт өвчлөлийн 3%-4%-ийг эзэлдэг.Үүсгэгч орсон хэсэгт дараах дарааллаар арьсан дээр үрэвслийн шинж тэмдэг илэрдэг: арьс улайж, улмаар өвдөлт ихтэй толбо, гүвдрүү, цусархаг шүүдэс, цэврүү, (идээт үрэвсэл) нь шархлаа болж хувирдаг. Идээт үрэвсэл нь өвчтэй, идээт-цустай шингэнээр дүүрсэн, үрэвслийн бүсээр хүрээлэгдсэн, час улаан өнгийн суурьтай байдаг. Хагарсан үед бараан өнгийн ёроолтой шарх үүсдэг. Эдгэрсний дараа энэ хэсэгт сорви үүсдэг. Антибиотик эмчилгээг цаг тухайд нь хийснээр нас баралт 1% -иас хэтрэхгүй байна. Зураг1
Булчирхайн хэлбэр
Хамгийн түгээмэл хэлбэр (бүх тохиолдлын 70-80%). Арьс, салст бүрхэвч нь тахлын нянгийн эсрэг сул хамгаалалттай байдаг.Тарваган тахлын үүсгэгч арьс, салстаар нэвтэрч орсон үед тунгалгийн судлаар дамжин ойролцоох тунгалгийн зангилаанд хүрч цочмог үрэвслийг үүсгэнэ. Ихэвчлэн суга, хүзүү, цавины булчирхай үрэвсэнэ. Үрэвслийн өөрчлөлт арьсан доорх өөхөн эслэг, ойролцоох тунгалгийн зангилаануудыг хамарч, маш их эмзэглэлтэй бэрсүү (моом) үүсгэнэ. Булчирхайг тэмтрэхэд хил, хязгаар нь мэдэгдэхгүй, голдоо хатуу, орчныхоо эдтэй барьцалдсан, хөдөлгөөнгүй, зах руугаа зөөлөн, эмзэглэл ихтэй байна. Иймээс өвчтөн зовууриа хөнгөвчлөхийн тулд албадмал байрлалд орно. Энэ хэсгийн арьс хуурай, хүрэхэд халуун байдаг бөгөөд өвчин даамжрах тусам нил ягаан-цэнхэр өнгөтэй болдог. Өвчин даамжрах тусам хавдар зөөлөрч, идээт, идээт цэврүү гарна. Халдвар тархаж, бусад хэсэгт хоёрдогч булчирхай үрэвсэж томорч болно. Хэрэв эмчилгээг цаг алдалгүй хийсвэл нас баралтын түвшин 5% -иас ихгүй байдаг. Эмчилгээ хийгээгүй тохиолдолд нас баралт 90% хүрдэг. Зураг 2,3
Анхдагч үжил хэлбэр
Анхдагч үжил хэлбэрийн нууц үе хэдэн цагаас 1 хоног хүртэл үргэлжлэх ба халдвар нь арьс, салст бүрхүүлээр дамжин ордог байна. Өвчтөн гэнэт өндөр халууран, бие жихүүцэн чичирч, толгой хүчтэй өвдөн, биеийн байдал богино хугацаанд хүндэрч, халдвар хордлогын шокд орно. Хүчтэй хордлогын улмаас ухаан алдаж, дэмийрэх, баримжаа алдах, хэл яриа ээдрэх, заримдаа гөлрөнгө, ноомой байдалтай болно. Хордлого хурдацтай явагдаж, хөөсөрхөг цустай цэр гарч, цусархаг зүйлээр бөөлжих ("кофены шаар шиг өнгөтэй") ба амьсгал өнгөц болж, суулгах, арьс салстад цусархаг тууралт гарна. Энэ хэлбэрийн үед (суга, цавь, чацархай зэрэг) олон булчирхай томрох, бусад эрхтэнд хоёрдогч голомт үүснэ. Элэг, дэлүү томорч, шээх нь зогсдог. Цус түгмэлээр бүлэгнэх ба улмаар олон эрхтний дутагдал, үхэлд хүргэдэг; арьс, үе мөчдийн судаснуудад цусны өтгөрөлт үүссэнээр эд эсийн үхжил, гангрена үүсэхэд хүргэдэг; Зураг4.
Эмчилгээ хийлгээгүй тохиолдолд өвчний эхэн үеэс хойш 2-4 хоногийн дотор нас барах тохиолдол 99% -д тохиолддог. Эмчилгээг цаг тухайд нь хийснээр өвчтөн ихэнх тохиолдолд эдгэрдэг. Өвчний ялгадсанд тахлын нян илэрдэг. Цөөн тохиолдолд өвчтөнд эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүйгээр хурдан хугацаанд нас барах тохиолдол гардаг.
Уушгины хэлбэр
Өвчний уушгины хэлбэр (ялангуяа уушгины анхдагч хэлбэрээр) нь хамгийн богино хугацаанд хүндэрдэг. Эхний хоногт өвчтөн 39-40 хэм хүрч халуурах, толгой, цээжээр хатгуулж хүчтэй өвдөх, ханиалгах, амьсгаадах, хамар уруулын гурвалжин, нүүр хөхрөх, бөөлжих зэрэг шинжүүд илэрнэ. Өвчний эхэн үед бодит үзлэгээр амьсгалын эрхтэн тогтолцооны талаас зовуурь ихтэй боловч уушгинд тодорхой өөрчлөлт илрэхгүй ч өвчтөний биеийн байдал эрс хүндэрнэ. Цээжний гялтан хальс үрэвссэнээс цээжээр өвдөлт илэрч, амьсгаадах, цэртэй ханиалгах, цэр эхэн үед шингэн, хөөсөрхөг, цусны судалтай байснаа хэсэг хугацааны дараа цэвэр цустай ханиалгана. Артерийн даралт буурч, судасны лугшилтын хэм алдагдаж, амьсгал 1 минутад 50-60 удаа болж түргэсэн, өнгөц болно. Цусан дахь хүчил төрөгчийн хэмжээ эрс буурна. Бодит үзлэгээр уушгины тогшилтын чимээ бүдгэрсэн, чагнахад амьсгал сулавтар, бага зэргийн нойтон хэрчгэнүүр, гялтан хальсны шүргэлцэх чимээ сонсогдоно. Тахлын нян өвчтөний цэрний хамт гадаад орчинд ихээр ялгарна. Уушгины рентген зураг болон компьютер томографын шинжилгээгээр уушгины сүүдэр илэрнэ.
Уушгины хэлбэр нь үжил хэлбэрээр хүндэрч болзошгүй.
Өвчин эхэлснээс хойш 1-3 хоногийн дараа үхэл тохиолддог. Эмчилгээг цаг тухайд нь хийснээр өвчтөнүүдийн 50-60% нь эдгэрдэг. Эмчилгээг хойшлуулсан тохиолдолд нас баралт 98%, эмчилгээгүй бол 100% хүрдэг.
Тарваган тахлын гэдэсний хэлбэр байхгүй , харин үжил хэлбэр нь хэвлийгээр өвдөх, суулгах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд дагалддаг.

Иргэд өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авах ёстой вэ:
• Тарваган тахал өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар Засаг захиргаа, хууль хяналт, байгаль орчин, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хүндэтгэн, өгсөн заавар зөвлөмжийг ёсчлон биелүүлэх.
• Тарваганы түүхий мах, эд эрхтэн хот суурин газарт оруулахгүй, хэрэглэхгүй байх
• Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
• Олноор үхсэн мэрэгч амьтад болон тарвагатай таарвал гар хүрэлгүй мэргэжлийн байгууллагад яаралтай мэдэгдэх
• Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөх.
• Өвчилсөн болох нь батлагдсан эсвэл өвчтэй гэж сэжиглэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэмийг чанд сахин мөрдөх.
• Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
• Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
• Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
• Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих..,
• Нохойг байнга уяатай байлгах
• Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
Тарваган тахлын үүсгэгч нян нь гадаад орчинд тэсвэртэй: хөрсөнд 7 сар, усанд 30-90 хоног, хөлдөлтийг сайн тэсвэрлэдэг. Энэ нь халаах, хатаах, нарны шууд тусгал, ариутгалын бодис зэрэгт хурдан үхдэг болохыг мэдэж санаж явах.
Энэ далимд нэмж хэлэхэд энэ аюултай өвчинтэй тэмцэх, халдварыг цаашид тархахаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн салбарын эмч ажилтан нартаа баярлаж байгаагаа илэрхийлж ажилд нь амжилт хүсэн ерөөе.
Мэдээллийн эх сурвалж: Анагаах Ухааны доктор, дэд профессор М. Дармаа
